April 19, 2024

Сэлэнгэ аймаг Боловсролын Шинжлэх Ухааны Газар

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

Их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” /БСШУ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/ болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах Монгол хэл бичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орж болно.

Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.

Шалгалтын хугацаа, зохион байгуулалт

Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулна.
ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.

Шалгалтын дүн мэдээ

Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.
Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулна.
ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.

Шалгуулагчдын дүн оноо

Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.
Анхны оноо /100 хүртэлх оноо/ гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Тухайлбал: математикийн хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо авсан байвал энэ нь анхны оноо болох бөгөөд хувиар тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.
Хэмжээст оноо /200-800 хүртэл/ гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.
Проценталь оноо /100 хувь хүртэл/ нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг харах холбоос: http://eec.mn/?p=935