Байрлал: Сэлэнгэ аймаг Сухбаатар сум, Баян хааны гудамж 2-р баг
Утас: 7036-2196
E-mail selenge@mecs.gov.mn

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

 “Монгол Улсын Засгийн  газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БШУ-ны сайдын  2013 оны 327 дугаар тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх боловсролын талаар баримтлах бодлогод үндэслэн боловсруулсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг 2015-2016, 2016-2017  оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус бүх сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хэрэгжүүлж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний  хүртээмж  чанарыг дээшлүүлэн, хамран сургалтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын салбарын хүний нөөцийг чадавхижуулах, гадаад дотоодын цэцэрлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн багшаар хангах, сургалтын орчинг бүрдүүлэх, цэцэрлэгүүдийг компьютержуулан интернетэд холбох, орчин нөхцөл, цэвэр усны  хангамжийг  сайжруулах, тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг боловсролд тэгш хамруулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд  үйл ажиллагаагаа  чиглүүлэн  ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилд улсын төсөвт 35, хувийн хэвшлийн 4, албан газрын харьяат 3 нийт 42 цэцэрлэгт 7632 хүүхэд,  хувилбарт сургалтаар 761 хүүхэд,  СӨБ-д нийт 8393 хүүхэд  хамрагдаж СӨБ-ын хамран сургалт 92,7 хувьтай, цэцэрлэгийн хамран сургалт 83.2  хувьд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,4 хувиар ахисан үзүүлэлттэй,  279 багш, 27 арга зүйч, 41 удирдах ажилтан, 261 туслах багш ажиллаж, СӨБ-ын багшийн хангалт 100 хувь, багш, удирдах ажилтны мэргэжлийн багшийн хангалт 92,8 хувьд хүрч өмнөх жилээс 2,5 хувиар ахисан үзүүлэлттэй байна.

Цэцэрлэгийн багш нарт багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг  журмын дагуу зохион байгуулж, 2016-2017 оны хичээлийн жилд 41 багшид мэргэжлийн зэрэг, 17 багшид багшлах эрх олгуулсан ба аймгийн хэмжээнд 2 зөвлөх зэрэгтэй багш ажиллаж байна.

Багш нарын мэдлэг,  чадварыг дээшлүүлэх ажлыг дотооддоо төдийгүй БНСУ, ОХУ, ЖАЙКА, КОЙКА зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран, харилцан туршлага солилцох, цэцэрлэгийн багш ажилтныг багш солилцооны хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Сүхбаатар сумын 2-дугаар цэцэрлэг, Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-дүгээр цэцэрлэг, Мандал сумын Улсын тэргүүний Нархан цэцэрлэгт “Койка” олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн багш нар ажиллаж байна.

Орхон сумын цэцэрлэг Оросын холбооны Буриад улсын Сэлэнгийн районы Загустайн тосгоны “Нархан” цэцэрлэгтэй, Баянгол сумын цэцэрлэг Улан-Үдэ хотын Сибирячок, Солнышко цэцэрлэгтэй,  Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-дугаар цэцэрлэг Буриад улсын Петропавлока хотын 5-р цэцэрлэгтэй хамтран ажиллах гэрээнийхээ дагуу харилцан туршлага солилцох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.Мөн Сайхан сумын Хөтөлийн 20-дугаар цэцэрлэгт Дундад улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн 3-р үндэсний цэцэрлэгтэй багш солилцуулж ажиллаж байна. Багш солилцооны ажлын хүрээнд Монгол туургатны бага насны хүүхдийг хөгжүүлэх туршлага, өв сангаас суралцан ардын зан заншил бүхий олон үйл ажиллагааг өөрийн цэцэрлэг дээрээ тусган хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ хүүхдийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн авч тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Цэцэрлэгүүд бага насны хүүхдийг монгол ахуй, ёс заншил, түүх соёл, өв уламжлалыг дээдэлсэн эх оронч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор үндэсний хэв шинжийг агуулсан ёс заншлын өргөө болон ёс заншлын булан байгуулж, ардын тоглоомоор тоглож сургах, шагай няслах, морь уралдуулах, шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, долоодой  эвлүүлэх, аман наадам зэрэг олон уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулж хүүхдийн оюуны чадварыг хөгжүүлэх олон талт ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 6 цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэгийн болзлыг хангаж, батламж үнэмлэхээ аван ажиллаж байгаагаас гадна 2016-2017 оны хичээлийн жилд Цагааннуур сумын цэцэрлэг БСШУ-ны сайдын 111 тоот тушаалаар батлагдсан “Улсын тэргүүний цэцэрлэг”-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан тул БСШУС-ын Яам руу материалыг хүргүүлээд байна.

Багш нарыг ажлын байранд нь тасралтгүй  хөгжүүлэх зорилгоор бүх цэцэрлэгүүд “Багш хөгжлийн төв”-өө арга зүйчийн өрөөг түшиглэн багшийн хэрэгцээ шаардлагыг  хангахуйцаар тохижуулан  үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  модем, шилэн кабель, wireless ашиглан интернетэд  холбогдон мэдээллийг  түргэн  шуурхай  хүлээн  авах  боломжтой  боллоо.

СӨБ-ын байгууллагуудад 170 компьютер, 127 зөөврийн комьпютер, 118 принтер, 42 хувилагч машин, 27 проектор, 26 скайнерийг албан хэрэгцээндээ ашиглаж байна. Хүүхдийг эрсдлээс хамгаалах, багш нарынхаа нэр хүндийг хамгаалах, үйл явдлын үнэн бодит байдлыг тогтоох үүднээс камерийн систем суурилуулсан.

Баянгол суманд улсын төсвийн  669,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн өргөтгөл, Ерөө сумын Бугант тосгонд  Япон улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн  763,5 сая төгрөгийн хөрөнгөөр 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга, Сүхбаатар сумын 4-р цэцэрлэгт 660,0 сая төгрөгийн канад технологиор баригдсан 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөл, Шаамар суманд 880,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтанд ороод байна.