Сэлэнгэ нутгийнхаа боловсрол, хүүхэд багачуудынхаа хөгжлийн төлөө хамтын зүтгэл, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа эрхэм хүндэт үе үеийн багш нар, боловсролын салбарын удирдах ажилтан, албан хаагч, Монголын боловсролын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, боловсролыг дэмжигч нийт иргэддээ Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

            2019-2020 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 34 сургуульд 20330 гаруй сурагч суралцаж, 1075 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх 42 цэцэрлэгт 8380 хүүхэд хамрагдан  648 туслах болон бүлгийн багш, арга зүйч ажиллан сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж байна.

            2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн Боловсролын цөм хөтөлбөрийг бүх түвшинд цогцоор нь эргэн харж сайжруулан, үүнтэй уялдан гарсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтэц, сургуулийн бие даасан байдал, багшийн хөгжлийг дэмжих, хүүхдийн хөгжил хамгааллыг хангах, сургалтын эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, эцэг эх олон нийтийн оролцоог дэмжих  чиглэлээр гарсан тушаал, шийдвэр, дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх болсон нь энэ хичээлийн жилийн онцлог болоод байна.

            Манай аймаг боловсролын салбарт  тэргүүлэх ач холбогдол өгч  хүүхэд багачууд, сурагчдын сурч хөгжих эрхийн баталгааг хангаж, боловсролын хүртээмж, чанарт дорвитой ахиц гаргахыг зорин ажиллаж байгаагийн зэрэгцээ өмнөх хичээлийн жилд дэвшүүлсэн “Бүх түвшинд сургалтын чанарыг ахиулъя” зорилгоо амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 Ирээдүй хойч үе болсон хүүхэд бүрийг хөгжүүлж, элгэн халуун сэтгэлээр хүн ардаа гэгээрүүлэх ариун их үйлсэд тань амжилт хүсье.

                                                                          Эрдэм ном дэлгэрэх болтугай

                                           СЭЛЭНГЭ АЙМАГ БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН

                                                       ДАРГА                                                        Ч.ЖАРГАЛСАЙХАН