STEM боловсролын сургалтын хэрэглэгдэхүүний талаарх товч мэдээлэл

Монгол улсын “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн зорилгыг “хүүхэд бүрийг эх хэл үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авъяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж, амьдрах чадвартай иргэн болж төлөвшихөд чиглэсэн сургалт үйл ажиллагааг зохион байгуулна” гэж томъёолсон байдаг. Тус зорилгын хүрээнд STEM боловсролын сургалтын хөтөлбөрийг бага боловсролын сургалтад нэвтрүүлснээр бага боловсролын нийт суралцагчид математик, байгалийн ухаан, технологи, бусад хичээлүүдээр эзэмшсэн мэдлэгээ бодит хэрэглэгдэхүүн ашиглан бататгах, байгалийн юмс, үзэгдлийн учир шалтгаан зүй тогтол, хуулийг туршилтын үндсэн дээр ойлгох, сонирхож, шинжлэн судлах, багаар хамтран ажиллах, бие даан сурах арга барилаа хөгжүүлэх,  бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

STEM (Science, technology, Engineering, Math) гэдэг нь байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн 4 үгийн товчлол юм. Дэлхий нийтэд математик болон шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, технологи хэрэглэх чадвартай буюу STEM боловсролтой ажиллах хүчний хэрэгцээ эрс өсч байна. Иймд өндөр хөгжилтэй орнууд STEM болосвролыг шинэ мянганы иргэдийн боловсрол хэмээн үзэж, СӨБ-оос эхлэн ЕБС-ийн бүх шатанд, цаашлаад дээд боловсрол, насан туршийн боловсролын хүрээнд STEM сургалтыг хэрэгжүүлж байна. STEM сургалт нь онол, практикийг уялдуулан, хичээлүүдийг хооронд нь уялдаа холбоотой заах, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллуулах, асуудлыг шийдвэрлэх чадварт сургах сурагч төвтэй сургалтын нэгдмэл арга зүйд үндэслэдэг.
Бага боловсролын 1-4 дүгээр ангид Япон улсын ARTEC компаний үйлвэрлэсэн 2 багц хэрэглэгдэхүүн, 5 дугаар ангид ХБНГУ-ын Fishertechik компаний багц хэрэглэгдэхүүнийг нийт сурагчдад хүртээмжтэй байхаар сургуулиудад хуваарилан олгоод байна. Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, урт удаан хугацаанд ашиглах боломжтой, олон эд ангиудаас бүтсэн, угсарч салгахад хялбар, үл хөдлөх болон хөдөлгөөнт зохиомж, машин, механизмуудын загваруудыг хүртэл бүтээж болдог зэрэг олон давуу талтай юм.
Цаашлаад, STEM сургалтын  үндсэн зорилго нь сурагчдад багаас нь тогтвортой хөгжлийн боловсролын зарчмыг баримтлан суралцах арга барилд сургаж, насан туршийн боловсролын үндэс суурийг бий болгоход чиглэдэг байна.